card

Тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага

Тогтвортой байдал нь шинэлэг бүтээгдэхүүн, шийдэл, түншлэлээр дамжуулан тогтвортой хөгжлийн сорилтуудыг бизнесийн боломж болгон хувиргахад чиглэдэг бидний бизнесийн стратегийн салшгүй хэсэг юм.
Тогтвортой хөгжлийн тайлан татаж авах

Тогтвортой хөгжлийн зорилго

“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1С-аар нэмэгдсэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудад сөргөөр нөлөөлж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авах хэрэгцээтэй байгааг илтгэж байна.Сүүлийн 28 жилд (1992-2020) хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд багтдаг нүүрсхүчлийн хийн агууламж 16.5 хувиар, метаны агууламж 8.8 хувиар тус тус нэмэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь харилцан уялдаатай бөгөөд байгаль орчин, эдийн засаг, нийгэм, технологийн эрсдэлийг дагуулдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох, багасгах, бизнес, байгаль орчин, олон нийтийн уур амьсгалд тэсвэртэй байдлыг дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

Монгол Базальт ХК нь галт уулын чулуулгийг чулуун хөвөн болгон хувиргаж, нийгэмд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орчин үеийн амьдралыг баяжуулж, аюулгүй, эрүүл, уур амьсгалд илүү тэсвэртэй нийгмийг бий болгох шинэ боломжийг бий болгодог.

Чулуун хөвөн нь галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарладаг, эдэлгээ урт, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх мэт олон давуу талтай байгалийн гаралтай материал бөгөөд үүнийг барилга байгууламж, үйлдвэр, тээвэр, цэцэрлэгжүүлэлт, усны менежментэд ашиглахад тохиромжтой.

Монгол Базальт ХК-ийн Тогтвортой хөгжлийн схем

Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж чадахуйц нийгэм, олон нийтийн хүртэх өгөөж өндөртэй салбарт компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Базальт ХК-ийн философи тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт улдаа холбоотой. Бид тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10-ыг нь эрэмбэлэн манай бизнест хамгийн их ач холбогдолтой, ахиц дэвшил, ололт амжилтыг хэмжих шалгуур болгон ашиглаж байна. Бид бүтээгдэхүүнээ ашигласнаар тогтвортой хөгжилд хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг. Бидний бүтээж буй бүтээгдэхүүн нь иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдэлүүдийн нэг юм.