“Монгол Базальт” ХК Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч “Монгол Базальт” хаалттай хувьцаат компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж хувьцаагаа олон нийтэд санал болгон худалдах зөвшөөрлөө авлаа.

“Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30 хувь болох 16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй худалдаж нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлнэ.

“Монгол Базальт” ХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эх орныхоо байгалийн баялагт түшиглэн дэлхийн инженерчлэл технологийн шилдэг инновацийн шийдэл, хөгжлийг шингээсэн базальт чулуун хөвөн дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгч компани юм. Хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр дэлхий дахины технологийн дэвшилтэй зэрэгцэн алхаж эх орныхоо эрдэс баялгийг байгальд ээлтэй бүтээгдэхүүн болгон экспортод гаргах боломжтой юм.

Үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн 5 сарын 23-ний өдөр хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байна.