МОНГОЛ БАЗАЛЬТ ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

/2022.12.21, Улаанбаатар хот/  Үндэсний үйлдвэрлэгч МОНГОЛ БАЗАЛЬТ ХК өнөөдөр 2021 оны цэвэр ашгийн 60.2% болох нийт 964,528,763 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараан байршуулснаа мэдэгдэж байна.

Ингэснээр 2022 оны 12-р сарын 21-ний байдлаар нэгж хувьцаанд 17.09 төгрөгийн ногдол ашиг тараагдаад байна. Энэ нь жилийн харьцуулсан дүнгээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг өмнөх оны 2.88 төгрөгөөс 17.09 төгрөг болж 14.21 төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолын дагуу компанийн нийт 2,342 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрээ ийнхүү бүрэн биелүүллээ.

Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл хэлэхдээ “Манай компани хөрөнгийн зах зээлд 2018 оноос хувьцаа арилжаалж эхэлснээс хойш дөрөв дэх удаагийн ногдол ашгаа тарааж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ өмнөх оноос 5.9 дахин өссөн байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр өндөр үзүүлэлт болж байна” хэмээн онцлов.

ТӨГСӨВ