card

Монгол Базальт ХК-ийн Чулуун хөвөнгийн үйлдвэр

/

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК нь анх 2000 оноос базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг ОХУ болон Герман, Дани, Япон, БНХАУ-ын технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд цөөн тооны өндөр хөгжилтэй улс орны эзэмшдэг, базальтыг боловсруулах технологийн ноу-хауг Монгол улсад нэвтрүүлж, эзэмшиж, Монгол Улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулсан байна.

Улмаар 2007 онд базальт чулуун хөвөнгийн үйлдвэрийг ашиглалтад оруулан BASALTWOOL брэндийн бүтээгдэхүүнийг Монгол улсын барилга, аж үйлдвэрийн салбарын зах зээлд анх нийлүүлснээс хойш 11 жил болжээ. Энэ хугацаанд үйлдвэр нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг стандарт шаардлага хангасан, чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах чиглэлд голлон ажилласан байна. Үүнд:

  1. 2007 он – Базальт эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэр
  2. 2009 он – Сэндвич дулаан тусгаарлагч хавтангийн үйлдвэр
  3. 2013 он – Термобазальт эрдэс чулуун шугам хоолойн дулаан тусгаарлагч
  4. 2016 он – Шүршдэг базальтын технологи, үйлдвэрлэл
  5. 2020 он -  Эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэл
  6. 2021 он – Базальт файбер (BFRP) арматурын үйлдвэрийн төсөл

 

“МОНГОЛ БАЗАЛЬТ”ХК нь дээрх үйлдвэрүүдийн технологийг шат дараалалтай хөгжүүлэн, базальт байгалийн эрдэс чулууг боловсруулах технологийн үр ашгийг өсгөн, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн ноу-хау бүхий өндөр технологийг эзэмшиж байна.

Эрдэс чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нь хэв гажилтад ордоггүй, 50 жилийн турш дулаан тусгаарлах шинж чанараа алддаггүй, галд шатдаггүй, эрчим хүчийг 70-90 хувь бууруулах шинж чанартай бөгөөд -180 оС-ээс +700 оС хүртэлх температурын хязгаарт иргэний болон тусгай зориулалтын барилга, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт ашиглагдана. Үйлдвэр нь жилд 12.0 мян.тн базальт хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“МОНГОЛ БАЗАЛЬТ”ХК нь дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал, хөгжлийн тэргүүлэх чиглэлд судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж, шинэ технологи, инновацийн шийдэл бүхий үйлдвэрлэлийг нэвтрүүлэн, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний зардлыг бууруулах, дулааны алдагдлыг бууруулах чиглэлээр олон зорилтот төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.