Базальт арматурын үйлдвэр
“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК нь иргэний болон тусгай зориулалтын барилга, байгууламжийн төмөрбетон хийцийн гол орц болох арматурын зэх зээлд түүнийг орлох шинж чанартай, барилга үйлдвэрлэл болон угсралтын зардал бууруулах, өндөр температурын болон хүчил, шүлтийн орчинд тэсвэртэй зэрэг олон давуу талуудтай, дотоодын эрдэс түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн, технологийн багтаамж өндөртэй ноу-хау бүхий шинэ төрлийн “БАЗАЛЬТ ФАЙБЕР (BFRP) АРМАТУР”-ын үйлдвэрийг Монгол улсад нэвтрүүллээ.
Орчин үед файбер (FRP) арматур нь хөгжингүй орнуудын барилга, авто зам, төмөр зам, гүүрэн байгууламж, химийн үйлдвэр, сансрын болон батлан хамгаалахын бүтээн байгуулалтад ихээхэн хэрэглэгдэж буй үнэт бүтээгдэхүүн болсон бөгөөд Олон Улсын зах зээлд эрэлттэй материалын тоонд ороод байна. Файбер арматур нь түүхий эдээр ашиглаж буй файбер материалын төрлөөс хамаарч нүүрстөрөгч файбер (carbon fiber), шилэн файбер (glass fiber), арамид файбер (aramid fiber), базальт файбер (basalt fiber), нийлмэл файбер зэрэг олон төрлөөр үйлдвэрлэгдэж байгаа ч эдгээрээс өртгийн хувьд хямд, өндөр температурын болон хүчил, шүлтийн орчинд тэсвэрлэх чанар хамгийн өндөртэй, суналтын бат бэх өндөртэй, уян хатан чанарын модуль нь ган арматурт хамгийн их ойртсон бүтээгдэхүүн нь базальт файбер (BFRP) арматур юм.
Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250,000-350,000 тонн байдаг бөгөөд бид нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд болон хойд хөршөөсөө импортоор авч байна. Монгол Базальт компани жилдээ 10,000 тонн базальт арматур үйлдвэрлэснээр барилга бүтээн байгуулалтын салбарт хамгийн өндөр хомстолтой барилгын материалыг дотооддоо тогтмол хангах эхлэл тавигдаж байна. Тодорхойлбол, барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотооддоо хангаж эхэлнэ. Базальт арматур нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэх юм.