Тус студийн үүсгэн байгуулагчдын нэг Томас Леман, дизайнер Сержио Маннино, дизайнер А.Энхжин нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Итали дизайны тухай хөөрөлдөх “Italian Design Poetics” үдшийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр тэд өөрсдийн бүтээсэн онцлох бүтээлүүдээ танилцуулж, хэрхэн дизайнаар дамжуулан асуудал шийдэж, түүх өгүүлж, үнэ цэн бүтээх тухай мэдлэг, туршлагаа хуваалцав. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг улам бүр батжуулах хамтралын боломжуудыг ч хуваалцсан нь онцлог байлаа.
Арга хэмжээний зохион байгуулагчдын товч танилцуулга:
Томас Леман нь АНУ-ын Сан Франциско, Сиэтл, Францын Парис, Италийн Милан хотуудад дизайны студи удирдаж байсан, олон арван жилийн туршлагатай дизайнер юм.
Сержио Маннино нь технологи, архитектурын салбарыг хослуулан дэлхий дахинаа 300 гаруй дэлгүүрийн дотоод заслыг хийж гүйцэтгэжээ.
А.Энхжин нь Италид дизайн чиглэлээр бакалавр болон магистрын зэргээ хамгаалж, өдгөө тавилга, брэнд, бизнес дизайны чиглэлд стратеги боловсруулан ажиллаж байна.
ANALOGLAB СТУДИ
Дэлхийн загварын нийслэл нь Итали, харин Италийн загварын нийслэл нь Милан хот юм. Энэхүү хотод төвтэй Analog Lab студи нь өнгөрсөн 25 жилийн турш брэнд хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт, хэрэглэгчийн туршлага, гэрэл, тавилгын салбарт ажиллажээ. Ингэхдээ олон улсын дизайнер, уран бүтээлч, гэрэл зурагчин, бичээчид зэрэг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, олон зуун шилдэг бүтээлийг өлгийдөн авчээ.
Тус студи нь дизайныг “аливаа асуудлыг бүтээлч байдал, хүсэл эрмэлзлээр шийдэж буй үйл явц” хэмээн тодорхойлсон байна. Тийм ч учраас шинэ төсөл бүрээ эхлэхдээ уламжлалт аргаар зурж, гараараа бүтээж, шилдэг шийдэл олох хүртлээ олон дахин удаагийн туршилт, судалгааг хийдэг гэнэ. Ийнхүү олж илрүүлсэн шийдлээ орчин цагийн технологи ашиглан өндөр чанартай үйлдвэрлэдэг ажээ.