Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Энэ үеэр Монгол Базальт ХК (MSE: MBW) нь Базальт Узбекистан Групптай хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа.
Энэхүү төсөл нь эхний үе шатандаа 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна.
Монгол Базальт ХК-ийн нэвтрүүлж буй орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй дэлхийд ховор технологийн шийдэл нь Узбекистан улсын үндэсний хэмжээнд 2030 он гэхэд ДНБ-д ногдох хүлэмжийн хийн тодорхой ялгарлыг 2010 оны түвшнээс 35 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхэд нь туслах юм.
Узбекистан улсын хүн ам Монголоос 10 дахин их буюу 35 сая, ДНБ нь 5 дахин том буюу 91 тэрбум ам.доллар билээ. Мөн Узбекистан улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд 5-т, Европ болон Төв Азид хамгийн өндөрт ордог.
Тус улсын орон сууц, нийтийн барилгын салбар нь нийт эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг бол аж үйлдвэрийн салбар 22%, тээврийн салбар 20%-ийг тус тус эзэлдэг байна.
Мөн нийтийн барилга байгууламжийн салбарт бүс нутгийн эмнэлгүүдийн эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг, сургуулийн өмнөх боловсролын эрчим хүчний хэрэглээний 84 хувийг, хөдөөгийн эмнэлэгийн эрчим хүчний хэрэглээний 88 хувийг, улсын сургуулийн эрчим хүчний хэрэглээний 97 хувийг халаалт эзэлдэг.
Сургуулийн өмнөх боловсрол, улсын сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлснээр жил бүр 7000 ГВт.ц-аас дээш эрчим хүч буюу 260 сая гаруй ам долларыг хэмнэх боломжтой.
Тус улсад Монгол Базальт ХК нь орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дамжуулан эрчим хүчний алдагдалтай 31,000 олон давхар нийтийн барилгуудыг шинэчилэн сайжруулах, өртөг багатай, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэн, хоёр улсын тогтвортой хөгжлийн амлалтанд нийцсэн хил дамнасан хамтын ажиллагааг эхлүүлж буй юм.
Базальт чулуунд суурилан зохион бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь халуун, хүйтэнд тэсвэртэй, шатахгүй, урвалд орохгүй байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг ба барилга, дэд бүтцийн салбартай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг багадаа 50%-иар бууруулж, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр технологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн болж байгаагаараа онцлог.
Монгол Базальт ХК нь дотоодын зах зээлд жилд 20,000 тн базальт чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нийлүүлэх хүчин чадалтай. Тус компани нь 2000 оноос базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг ОХУ болон Герман, Дани, Япон, БНХАУ-ын технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд цөөн тооны өндөр хөгжилтэй улс орны эзэмшдэг, базальтыг боловсруулах технологийн ноу-хауг Монгол улсад нэвтрүүлж, эзэмшиж байна.
Ийнхүү Монгол Базальт ХК нь дэлхийд өрсөлдөхүйц ховор технологийн ноухаугаа олон улсын зах зээлд нэвтрүүлж эхэллээ.