Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд 5 дахь том хөрөнгө оруулалт босголоо

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдаж Хөрөнгө оруулалтаа босгож түүхэн амжилт бүтээлээ 

Эрхэм хүндэт Хөрөнгө Оруулагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Монголын хөрөнгийн бирж дээр компанийнхаа хувьцааг гаргаж нээлттэй хувьцаат компани болох анхдагч зах зээлийн арилжаа амжилттай боллоо. Бидний ирээдүйн зорилгод хөрөнгө оруулалт хийсэн нийт хөрөнгө оруулагчид болон үндсэн андеррайтер Бумбат-Алтай ҮЦК, туслах андеррайтер Гаүли ҮЦК, Стандарт Инвестмент ҮЦК, бусад хамтран ажилласан байгууллагууд, үнэт цаасны компаниудынхаа хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж баярласнаа илэрхийлье.

Өнөөдөр Монгол Базальт ХК дэлхийн аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал, хөгжилд оролцож эдийн засгийн үр өгөөжөөс нь хүртэх ирээдүйг ойртуулах технологи инновацийн шийдэл бүхий алхам хийж байна.

BASALTWOOL® чулуун хөвөн нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа Дэлхийн дулаарал, Хүлэмжийн хий, Эрчим хүч, Дулааны алдагдлыг бууруулах түлхүүр бүтээгдэхүүн боллоо. Дэлхий дахинд базальт чулуун мяндсан утасны композит шинэ материалын эрин зуун эхэлж байна.

Бид Дэлхийд тэр тусмаа Төв Азийн зах зээлд өндөр технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн экспортлогч улс болох боломж бүрдэж байна. Иймээс бид үйлдвэрлэлдээ техник технологи, инновацийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийж бизнес үйл ажиллагаандаа хөгжил дэвшил авчрах зорилгоор компанийнхаа хувьцааны 30%-ийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжаалж хөрөнгө оруулагч та бүхний итгэлээр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай боллоо.

Хөрөнгө оруулагч та бүхнийг манай компанийн хувьцаа эзэмшигч болж өөрийн хөрөнгийг бодитой өсгөх, инноваци шингэсэн технологи бүхий өрсөлдөх чадвартай үндэсний үйлдвэртээ хөрөнгө оруулалт оруулж бидний цаашдын амжилтын түүхийг бүтээх хувь нийлүүлэгч болсонд чин сэтгэлээсээ талархаж байна.

Бид Хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж, компанийн сайн засаглалын үлгэрлэн манлайлагч байж, Төв Азидаа өндөр технологийн тэргүүлэгч экспортлогч компани болох болно.

Хүндэтгэсэн         

Ерөнхий Захирал                Л.Ариунболд