Барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор зохион байгуулагдсан "Барилга Орон сууц-2019” үзэсгэлэн, яармаг үзэгч, оролцогчоор дүүрэн өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, амины орон сууц барьдаг нийт 110 гаруй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон бөгөөд шилдгүүдээ шалгаруулах ёслолын арга хэмжээ өчигдөр “Мишээл экспо” төвд болсон юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд үзэсгэлэн, яармагийг зохион байгуулах хорооны дарга, МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Барилга.МН” ХХК -ий ерөнхий захирал Г.Батсүх, “Барилга корпораци”-ийн ерөнхийлөгч, гавьяат барилгачин, доктор, профессор Л.Шагдаррагчаа, Цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Насанбат нар оролцлоо.
Шилдэг үйлдвэрлэгчээр эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах эрдэст чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх аргаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад дорвитой хувь нэмэр оруулж байгаа “Монгол базальт” ХК тодорлоо. Тэд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг орны Технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээрээ өдгөө хэдийнэ хэрэглэгчдэд танил болж чадсан компани юм.